“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Архангай аймагт

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв (хуучнаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв) хамтран орон нутагт газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн (экстейншний) чадавх бий болгоход чиглэсэн цуврал сургалт, зөвлөгөөнүүдийг улс, бүс, аймгийн түвшинд 2019 оноос хойш зохион байгуулж ирсэн. Цар тахлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломж хумигдсан боловч хамтын ажиллагаагаа 2021 онд боломж, бололцоондоо нийцүүлэн үргэлжлүүлсээр байна. Энэ удаагийн талбайн сургалтыг ТХАА төсөл, Судалгаа хөгжлийн төв болон Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2021 оны 8-р сарын 25-26-ны өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа.

Аймгуудын ХХААГ-т сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд, агрономчдын талбайн сургалт явуулах, тариаланчдад зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах зорилготой энэхүү сургалт өмнө нь 2020 онд Дархан-Уул, Хөвсгөл аймгуудад бүсчилсэн хэлбэрээр зохиогдож байсан. Энэ удаагийн сургалтанд Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг мөн бүсчлэн хамруулсан. Гэвч өмнөх сургалтуудаас ялгарах гол онцлог нь Архангай аймгийн 19 сумын ХАА-н тасагт газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдийг нэмж оролцууллаа. Сургалтыг ийнхүү аймгийн мэргэжилнүүдээс гадна тариаланчдад газар дээр нь тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажилладаг сумдын мэргэжилтнүүдэд хүргэж чадсан нь газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн шаталсан бүтцийг орон нутагт бий болгох ХХААХҮЯ, ТХАА төсөл, Судалгаа хөгжлийн төв болон Архангай аймгийн ХХААГ-ын хамтын зорилгод нийцсэн ажил боллоо.

Хоёр өдөр үргэлжилсэн уг арга хэмжээний хүрээнд үр тариа, ногоон тэжээл, ил талбайн ба хүлэмжийн хүнсний ногооны тариалангийн сэдвээр төрөлжсөн 4 талбайн сургалтыг Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдад зохион байгууллаа. Сэдэвчилсэн сургалтуудыг аймгуудын ХХААГ-ын агрономч, мэргэжилтнүүд удирдан явуулж, сумдын газар тариалан хариуцсан нийт 19 мэргэжилтэн болон орон нутгийн 9 тариаланч хамрагдлаа. Талбайн сургалт бүрт тухай орон нутгийн газар тариаланд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлж, шийдвэрлэх арга замуудыг сургагч багш, тариаланчид болон нийт оролцогчид хамтдаа тодорхойлж, харилцан ярилцах, туршлага солилцох байдлаар явагдлаа. Агуулгын хувьд бордоо, ургамал хамгаалал, ээлжлэн тариалалт, ХАА-н зохистой дадал зэрэг ерөнхий сэдвүүдээс гадна таримлын болцыг түргэсгэх, ургац тогтоох, ургац хураалтад бэлтгэх, хураалт ба хураалтын дараах ажлыг төлөвлөх зэрэг цаг үеийн асуудлуудаар тариаланчид, сумдын мэргэжилтнүүдэд практик зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Zurück