“ХАА-н машин, техникийн түрээсийн үйлчилгээ” сэдэвт семинар зохион байгууллаа

ХХААХҮЯ-наас ХАА-н орчин үеийн, дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийх, улмаар газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч шат дараатайгаарүйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Орчин үеийн өндөр хүчин чадалтай ХАА-н техникүүд үнэтэйгээс гадна бага, дунд тариалангийн ААН-үүдийн хувьд түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, эдийн засгийн хувьд үргүй зардал гаргах эрсдэлтэй. Тиймээс монголын үр тариа, төмс, хүнсний ногооны тариаланчид дундаа ХАА-н машин, техник ашиглах, техникийн түрээсийн үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага тулгардаг билээ.

Эдгээр асуудлыг олон улсад, тэр дундаа Герман улсад хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг судлах, энэ талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нартай хэлэлцэх “ХАА-н машин, техникийн түрээсийн үйлчилгээ” сэдэвт семинарыг 2018 оны 05 дугаар сарын 30-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Тус семинарт ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, ТЭДС, ХААИС, ХАА-н техник импортлогч ААН-үүдийн төлөөлөл, үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг 30 гаруй оролцогчид хамрагдлаа.

ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ “Монголын ХАА-н машин, техникийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд”, ХААИС-ийн багш, доктор, профессор Б.Мөнхбат “Монголын орны газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх боломж”, Герман мэргэжилтэн Гюнтер Вайдманн “Германы Maшинринг байгууллага, түүний туршлага, ААН-үүдийн ХАА-н техниктэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломжууд”, “Германы ХАА-н машин, техникийн түрээсийн үйлчилгээ / Тариалангийн ААН-үүд болон техник борлуулагч компаниудын хамтын ажиллагаа, шийдэл” гэсэн сэдвүүдээр тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Германы тариаланчид нэгдэж, хоршооны зохион байгуулалтад орсон байдаг нь тэдэнд үйлдвэрлэлийн түүхий эд, нөөцийг бөөний буюу хямд үнээр худалдан авах, зах зээлд бүтээгдэхүүнээ нэгдсэн байдлаар борлуулах, хөдөлмөр болон техникээ зөв удирдаж ашиглах зэрэг олон боломжуудыг олгодог байна. Түүнчлэн ХАА-н техникээр улирлын чанартай ажил хийхээс гадна хот тохижилт, зам гүүрийн засвар, арчилгаа, тээвэр, ойн болон мал аж ахуйн салбарт ашигласнаар техникийн ашиглалтыг нэмэгдүүлдэг байна. Манай оронд ч энэ хэлбэрээр зохион байгуулалтад орох, улмаар байгаль, цаг уурын хүнд нөхцөлд бүтээгдэхүүний өртгийг бууруулах боломжуудыг эрэлхийлэх шаардлага тулгарч байна.

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах, ХАА-н машин ашиглалтыг нэмэгдүүлж, сайжруулснаар ногоочдод учирч буй санхүүгийн ачаалал, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах зорилгоор ХХААХҮЯ-наас техникийн түрээсийн үйлчилгээний оновчтой хэлбэрийг тогтоож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэл баримталж байна. Энэ хүрээнд хүнсний ногоо тариалах зориулалттай техник, тоног төхөөрөмжийг түрээсийг үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлээр худалдан авахыг санал болгож байна. Семинарт оролцогчид шинэ мэдээлэл, шинэлэг санаа өгсөн сургалт болсонд талархал илэрхийлж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, хамтарч ажилласнаар техникийн төдийгүй бусад олон асуудлыг шийдвэрлэх боломжтойг дурдаж байлаа.

Zurück