Хэвлэн нийтлэл / Баримтат нэвтрүүлэг

“Газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл дэх сургалт нэвтрүүлэлтийн хэрэгцээ шаардлага”

Газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл дэх сургалт нэвтрүүлэлтийн хэрэгцээ шаардлага

Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах чиглэлээр ХХААХҮЯ болон ХААҮШУОНТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг билээ. Тухайлбал, манай төслөөс ХААҮШУОНТ-тэй хамтран аймгууд дах сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд болон агрономчдын ур чадварыг сайжруулах танхимын ба талбайн цуврал сургалтыг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж байна. Тус сургалтын гарын авлага болгож “Сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй, тэргүүн туршлага” цахим багц боловсруулаад байна. Энэхүү цахим багц нь “Нэвтрүүлэх үйлчилгээний аргачлал, тэргүүн туршлага” гарын авлага мөн Газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл дэх сургалт нэвтрүүлэлтийн хэрэгцээ шаардлагын талаар салбарын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагуудаас бүрдэж байна.
Энэхүү ярилцлагад тариаланчид, мэргэжлийн холбоод, боловсруулах үйлдвэр, салбарын Яам, ХААИС зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож нэвтрүүлэх үйлчилгээний хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд, цаашдын чиг хандлагын талаар тал бүрийн сонирхолтой байр суурийг илэрхийлжээ.

“Хөдөө аж ахуйн салбарын цахимжуулалт ба ухаалаг газар тариалан” цахим танилцах аялал

Хөдөө аж ахуйн салбарын цахимжуулалт ба ухаалаг газар тариалан” цахим танилцах аялал

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын дижитал шилжилт, ухаалаг газар тариалангийн инноваци зэрэг сэдвүүд нь салбарын мэргэжилтнүүдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болжээ. Хүрээлэн буй орчинд ээлтэй, нөөцийг хэмнэсэн хөгжлийн энэхүү шинэ чиг хандлага нь одоогоор практикт төдийлөн өргөнөөр ашиглагдаж эхлээгүй байгаа шалтгаан нь технологийн шилжилтийг хийхэд техникийн түвшинд олон арван шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байгаагаас гадна хөдөө аж ахуй, газар тариалангийн компаниудад дээрх өөрчлөлтийг хүлээн авахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа юм.
Монголын тариаланчид, аж ахуйн нэгжүүдийн хувьд цахим шилжилт, ухаалаг газар тариалан зэрэг сэдвүүд нь өнөөдөртөө хол сонсогдож байгаа хэдий ч бид бүгдээрээ цахим хөгжлийн шинэ эрин зуунд ирээдүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхана гэдэг нь гарцаагүй юм. Иймд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь “Хөдөө аж ахуйн салбарын цахимжуулалт ба ухаалаг газар тариалан” сэдвийг сонгон, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачдад зориулан газар тариалангийн инноваци, хөгжлийн шинэ чиг хандлагын талаар цуврал илтгэл, ярилцлага, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Байцаа, сонгины тариалалтад хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх

Байцаа, сонгины тариалалтад хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх – онлайн сургалт

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана” гэсэн зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд дотооддоо гол нэрийн хүнсний ногоог түлхүү тариалж байна. Тухайлбал өнгөрөгч 2020 онд улсын хэмжээнд нийт 9,7 мянган га талбайд хүнсний ногоо тариалж, 113,5 мянган тн ургац хурааж авсан бөгөөд энэ нь дотоодын хэрэгцээний 44,6% хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн жилийн тухайд дотоодын хэрэгцээг хангах хувь хэмжээ нь таримал тус бүр дээр харилцан адилгүй байгаа бөгөөд шар манжин, шар лууван, хүрэн манжингийн хэрэгцээгээ 100% хангасан бол хэмх, лооль, байцаа, сонгино, сармисийн тухайд 2-60% хүртэл хэрэгцээгээ хангажээ.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл” нь ХХААХҮЯ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах зорилго, чиглэлийн дагуу тариаланчид, хүнсний ногоочид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, мэдээллийн олон талт ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр дэлхий нийтэд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор бид анх төлөвлөж байсан сургалт, семинаруудаа онлайн форматад оруулаад байна. Ийнхүү манай төслөөс “Байцааны тариалалтад ХААЗД нэвтрүүлэх”, “Бөөрөнхий сонгины тариалалтад ХААЗД нэвтрүүлэх” сэдвээр хоёр удаагийн онлайн сургалт бэлдэн Та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу.

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөн

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөн

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2019 онд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэл” дэд төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тус дэд төслийн хүрээнд салбарын мэргэжилтнүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулсанаас гадна “Монгол орны газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө” сэдвээр томоохон судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Энэхүү төслийн хаалтын үйл ажиллагаа болгож Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран 2019 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр германы болон үндэсний судлаачид, эрдэмтэд дээрх судалгааны үр дүнгээс танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шийдлүүдийн талаар хоёр өдрийн турш сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Тариаланчид: Газар тариалангийн зохистой дадал” 

“Тариаланчид: Газар тариалангийн зохистой дадал”

Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс ХХААХҮЯ, МҮОНТ-тэй хамтран монгол оронд шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн үйлдвэрлэл эхлүүлэн хөгжүүлсний “Атар-60 жил” -ийн ойн баярын хүрээнд “Тариаланчид” цуврал нэвтрүүлгийн нэгэн дугаарыг төслийн үндсэн чиглэлийн нэг болох “Газар тариалангийн зохистой дадал” /ГТЗД/ сэдвийн хүрээнд бэлтгэн олон нийтэд хүргэлээ. ГТЗД гэдэг нь хүнсний зориулалтаар тарьж буй таримал ургамлын хөрсийг бэлдэх, тарих, ургуулах, арчлах, хураах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах бүхий үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинд хор хөнөөлгүй хэрэгжүүлэх цогц арга хэмжээ юм. Ялангуяа төмс, хүнсний ногоог бодоход хүлэмжийн аж ахуйд буюу нарийн ногооны тариаланд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ билээ.

“Тариаланчид: Уур амьсгалын өөрчлөлтийн газар тариалангийн үйлдвэрлэлд үзүүлж буй нөлөө"

“Тариаланчид: Уур амьсгалын өөрчлөлтийн газар тариалангийн үйлдвэрлэлд үзүүлж буй нөлөө"

Монгол оронд шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсний “Атар-60 жил” -ийн ойн хүрээнд энэ жил олон бүтээлч ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл МҮОНТ, ХХААХҮЯ-тай хамтран “Тариаланчид” цуврал нэвтрүүлгийн хоёр дугаарыг бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр газар тариалангийн үйлдвэрлэл ихээхэн эрсдэлтэй тулгарч байгаа бөгөөд уур амьсгал хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед тариаланчид ямар бэлтгэлтэй байх талаар Булган, Хөвсгөл аймгийн аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзан энэхүү нэвтрүүлгийг бэлтгэлээ.

“Чанартай үрээс арвин ургац” нэвтрүүлэг

“Чанартай үрээс арвин ургац” нэвтрүүлэг

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь Монгол орны таримал ургамлын сорт, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэхэд бодлого, эрхзүй, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, салбарын эрдэмтэн судлаачид, агрономчид, орон нутгийн газар тариалангийн мэргэжилтнүүдэд холбогдох сэдвээр сургалт, семинар зохион байгуулахад чиглэгдэн амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, УГТХ, Элит-Үр ХХК, Дельта Холдинг ХХК болон Германы хөдөө аж ахуйн зөвлөхүүдтэй хамтран Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлд таримал ургамлын үрийн аж ахуй ямар чухал ач холбогдолтой талаар өмнө хийсэн туршлагуудыг шинэ мэдээ, мэдлэгээр баяжуулан “Чанартай үрээс арвин ургац” нэвтрүүлгийг бэлдэн Та бүхэнд хүргэж байна.

Мэдлэг, Инновац, Баялаг - Тогтвортой хөрс ашиглалт

„Мэдлэг,Инновац, Баялаг - Тогтвортой хөрс ашиглалт“

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад илүү тодоор мэдрэгдэж, хөрсний элэгдэл, доройтол нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тиймээс Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой ХАА” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь хөрсний үржил шимийг хамгаалах сэдвээр системчилсэн үйл ажиллагаанууд, практикт суурилсан сургалт семинар зохион байгуулж салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, энэ сэдвээр тариаланчдын хандлагын өөрчлөх явдал юм. Бид энэ удаад ХААИС-ийн Инновац, бизнес хөгжлийн төвтэй хамтран "Мэдлэг, Инновац, Баялаг - Тогтвортой хөрс ашиглалт" сэдэвт нэвтрүүлгийг бэлтгэн тариалан эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүддээ хүргэж байна.