“Таримал ургамлын үр, сортын бодлого, эрх зүй, менежмент“ зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс “Таримал ургамлын үр, сортын бодлого, эрх зүй, менежмент“ сэдэвт зөвлөгөөнийг ҮХААЯ-ны ГТБХЗГ-тай хамтран энэ оны 11 сарын 19-20 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус зөвөлгөөнд нийт 10 гаруй аймгаас ҮХААГ-ын мэргэжилтэн, ургамал газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл мөн үр үржүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг нийт 50 гаруй мэргэжилтнүүд оролцлоо. Мөн ХБНГУ-ын Сортын агентлагийн газрын дарга ноён Др. Фройденштайн, Германы Ургамлын Селекцичидийн Холбооны төлөөлөгч ноён Рюкер нар оролцож, ХБНГУ төдийгүй Европын Холбооны бусад улс орнуудын үрийн аж ахуйн салбарын тэргүүн туршлагыг салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Тус зөвлөгөөний гол зорилго нь Монгол улсын үр сортын эрхзүйн  орчин, бодлого, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, боловсронгүй болгоход чиглэгдсэн бөгөөд ингэхдээ Европын Холбооны үр сортын тэргүүн туршлага, ололт амжилтуудтай танилцалж, энэхүү туршлага мэдлэгийг хэрхэн Монголын хөрсөнд буулгах асуудлаар салбарын мэргэжилтэн, судлаачид санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөний эхний өдөр Герман мэргэжилтнүүдээс гадна ҮХААЯ-ны ГТБХЗГ мөн Дархан Уул аймгийн УГТСЭШХ-ээс үр сортын бодлого, бүтэц зохион байгуулалтын өнөөгийн байдлыг танилцуулж, сортын хамгаалал, сортын баталгаажуулалт, үрийн хянан баталгаажуулалт Монгол улсад хэрхэн хийгддэг талаар илтгэл тавьж, энэ нь баруун европын улс орнуудынхаас ямар ялгаатай байгаа талаар танилцуулж, оролцогсдод нэгдсэн ойлголт өглөө. Энэхүү цогц мэдээлэл дээр тулгуурлан зөвлөгөөний хоёрдахь өдөр оролцогсод ажлын хэсэгт хуваагдан үр, сортын бодлого, эрх зүй, менежментийг хэрхэн боловсронгуй болгох асуудлаар нээлттэй санал бодлоо солилцон, зөвлөмж боловсрууллаа. Энэхүү зөвлөмжийг энэ оны 12 сард хуралдах Улсын сорт сорилтын зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар танилцуулах юм.

Go back