Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг сэдэвт цахим сургалт зохион байгууллаа

Тус төслөөс ХХААХҮЯ, МХЕГ, ХААИС, УГТХ-тэй хамтран “Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг” сэдэвт цахим сургалтыг 3 сарын 23-26-нд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад аймгуудын ХХААГ-ын агрономчид, МХГ-ын Таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид, ХААДС-ийн төв болон орон нутгийн харьяа байгууллагуудын шинжээчид, мэргэжилтнүүд, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэг тусламжийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг салбарын холбогдох 120 гаруй оролцогчдыг хамрууллаа.

Энэхүү сургалт нь хаврын тариалалтын өмнө хийгдэж буйгаараа цаг үеэ олсон төдийгүй  сорт сорилт, үр үржүүлгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг оролцогч талуудын чадавхыг сайжруулах, нэгдсэн ойлголттой болгох, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах үндсэн зорилгодоо хүрч чадлаа.

Хичээлийг УГТХ, УХЭШХ-ийн эрдэмтэн, багш нар болон практик туршлагатай ААН-ийн төлөөлөл зааж, асуудал хариуцсан төрийн байгууллагын мэргэжилтнүүд шинэ мэдээ, мэдээллийг өгсөн, Тухайлбал, Төрөөс таримал ургамлын үр, сортын талаар баримталж буй бодлого, “Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон түүнтэй холбогдон шинэчлэгдэх журмын төслүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, таримлын үрийн чанар, стандарт, тариалалтын технологи, Мэргэжлийн хяналтын байгууллагын дижитал шилжилт зэрэг хамгийн сүүлийн үеийн шинэ мэдлэг, мэдээлэл, зөвлөмжийг өгч, оролцогчид санал бодлоо харилцан ярилцаж, хэлэлцэх байдлаар зохион байгуулагдлаа.

Сургалтын сэдэв болох Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг нь монголын газар тариалан үйлдвэрлэлийн тулгамдсан, чухал асуудал билээ. Тиймээс өнгөрсөн жил ХХААХҮЯ-ны бүрэлдэхүүнд Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийг шинээр байгуулсан. Уг хэлтэс нь монголын газар тариаланд таримал ургамлын сорт сорилтын салбаруудыг сэргээн байгуулах, үрийн тогтолцоог бий болгож, хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг зангидаж, удирдан зохион байгуулж ажиллаж байна.

Go back