Төмсний талбайн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Талбайн өдөрлөгийн үеэр

“Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан ҮХААЯ, “Монгол Төмс” хөтөлбөр, Элит-ҮР ХХК мөн Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2014 оны 8 сарын 07-нд “Төмсний талбайн өдөрлөг”-ийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлалтай Элит-Үр ХХК-ийн талбай дээр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 150 гаруй төмс, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр оролцогчид төмс тариалах, үр үржүүлгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга технологиудтай танилцаж, “Тогтвортой Хөдөө аж ахуй” төслийн туршилтын талбайд зочилж, төмсний шинэ сортуудыг хэрэглээний онцлог, тариалах технологи, хүнсний төмсний стандарт, чанарын үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэ жил туршилтын талбайд Германы Европлант, Солана, Норика зэрэг компаниудын нийт 20 гаруй шинэ сортын төмс тариалагдаж байгаа билээ.

Мөн энэ үеэр төмс хүнсний ногооны ургамал хамгааллын шинэ арга технологиудыг танилцууллаа. Талбайн өдөрлөгийн үеэр олны анхаарлыг татсан бас нэгэн үйл явдал нь Германы Клааз, Лемкен, Гриммэ зэрэг компаниас оруулж ирсэн төмсний иж бүрдэл техникийг танилцуулсан бөгөөд ХБНГУ-ын Гриммэ ХХК-аас ирсэн хоёр мэргэжилтэн төмс, хүнсний ногоо тариалах, боловсруулалт хийх, хураах машины хийц, төрөл, түүнд хийх засвар, үйлчилгээ, тохируулга, машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, хэрэглэний талаар зааварчилгаа өглөө.

Энэхүү талбайн өдөрлөг нь оролцогсдыг өөрсдийн туршлага, тулгардаг хүндрэл, бэрхшээлүүдийн талаар санал бодлоо нээлттэй хуваалцах боломжоор хангаж өгсөн, мэргэжлийн яриа хэлэлцээрүүд өрнөсөн чухал арга хэмжээ болж өнгөрлөө.

Go back