“Ургамал хамгааллын зохистой дадал хэвшүүлэх сургагч багш бэлтгэх сургалт”зохион байгууллаа

Хүнсний аюулгүй байдлын нэг үндсэн суурь нь газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын бодис/пестицид/ыг зохистой хэрэглэх билээ. Үр тарианы томоохон аж ахуйн нэгжүүд өөрийн агрономчтой, олон жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй зэргээс шалтгаалан ургамал хамгааллын бодисыг харьцангуй зохистой ашиглаж байна. Харин төмс, хүнсний ногоо тариалагчид жижиг талбайд олон төрлийн таримал тариалдгаас гарал үүсэл нь тодорхойгүй, эрдэм шинжилгээний байгууллагаар туршигдаж баталгаажуулаагүй, хэрэглэх заавар, тун хэмжээ нь мэдэгдэхгүй, гарах үр дүн, нөлөө нь ойлгомжгүй пестицидыг урд хөршөөс хяналтгүйгээр оруулж ирж, талбайдаа ашиглаж байгаа нь ихээхэн эрсдлийг бий болгож байна.

Энэ нь УХБ-ын хэрэглээний талаарх  мэдлэг, ойлголт дутуугаас хор хөнөөлийг ухамсарлахгүй байгаатай холбоотой. Түүнчлэн УХБ-ын тун нормыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэх, пестицидээр ундны усны эхийг бохирдуулах, УХБ-ын суларсан саванд хоол, хүнс хийх зэрэг нь сүүлийн үед нэмэгдээд буй олон төрлийн хавдрын өвчлөлүүдийн эх үүсвэр байхыг үгүйсгэхгүй. УХБ-ыг худалдах, худалдан авах, тээвэрлэх, хадгалах, талбайд шүрших зэрэг бүхий л үйлдвэрлэлийн үе шат, дамжлагад ажиллаж буй иргэд нэгдүгээрт: өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах; хоёрдугаарт: хөрс хамгаалал, байгаль орчноо бохирдуулахгүй байх; гуравдугаарт: аж ахуйн үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байлгах зэрэг үндсэн зарчмуудыг хангаж ажиллах нь чухал.

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс санаачлан 2018-2019 онд “Ургамал хамгааллын зохистой дадлын мэргэшүүлэх сургалтын концепц”-ийг УХЭШХ-тэй хамтран боловсруулсан бөгөөд энэ хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ХХААХҮЯ, УХЭШХ, УГТХ-тэй хамтран “Ургамал хамгааллын зохистой дадал хэвшүүлэх сургагч багш бэлтгэх сургалт” зохион байгууллаа. Сургалтад ХААИС, УХЭШХ, УГТХ, ХААШУОНТ, Дархан-Уул аймгийн ХХААГ, Гацуурт ХХК, Эм Эс Эм ХХК-ийн багш, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд болон ургамал хамгааллын асуудал хариуцсан  мэргэжилтнүүд зэрэг нийт 15 хүн оролцож, сургагч багшийн сертификат гардлаа. Эдгээр сургагч багшаар дамжуулан орон нутагт УХБ-той ажилладаг газар тариалангийн аж ахуйн нэгжийн ажилтнууд, иргэд, тариаланчдад мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх бөгөөд цаашид төрөөс энэ төрлийн мэргэжлийн сургалтад хамрагдаагүй иргэнд УХБ худалдаалах, түүгээр тээвэрлүүлэх, хадгалуулах, түүнийг талбайд УХБ-той харьцаж ажиллуулахгүй байх бодлогыг хэрэгжүүлнэ.

Сургалтын илтгэлүүдийг эндээс татаж авна уу.

Go back